Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2010-2015 оны хооронд байгуулсан нүүрс худалдан борлуулах бүх гэрээг олон нийтэд нээлттэй, ил тод болгох шийдвэр гаргалаа.
“Эрдэнэс Тавантолгой” ХК байгуулагдсан цагаас хойш буюу 2010-2025 оны хооронд нүүрс худалдах, худалдан авах нийт 586 гэрээ байгуулсан. Өнөөдрийн байдлаар 581 гэрээг ил тод, нээлттэй болгож компанийн www.ett.mn цахим хуудаст байршуулсан. Үлдсэн 5 гэрээг ил тод, нээлтэй болгохоор гэрээний худалдан авагч талд мэдэгдэн ажиллаж байна. Учир нь олон улсын гэрээний заалт, талуудын байгуулсан гэрээний дагуу гэрээний нөгөө тал буюу гэрээлэгч талаас зөвшөөрөл авах шаардлагатай байдаг.
Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас бусад хуулийн этгээдтэй 2019-2022 онд байгуулсан оффтейк нөхцөлтэй нүүрс нийлүүлэх 40 гэрээ, тэдгээрт холбогдох мэдээллийг 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн цахим хуудаст нээлттэй байршуулж, иргэд, олон нийтэд нээлттэй болгосон.
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 449 дүгээр тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас хэрэгжүүлж буй төрийн нууцад хамруулсан төсөлтэй холбоотой 10 гэрээг нууцын зэрэглэлээс гарган, ил болгож шийдвэрлэж байсан бол өнөөдөр 15 жилийн хугацаанд хийгдсэн борлуулалтын 581 гэрээг олон нийтэд нээлттэй ил тод болголоо.
Ил тод нээлттэй болсон гэрээний мэдээлэлтэй дараах холбоосоор танилцана уу
Линк: https://ett.mn/mn/news/single/6615?full-screen=true
Мөн өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг хөрөнгийн биржээр нээлттэй арилжаалах бэлтгэл ажлыг эхлүүлэх хүрээнд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөндлөнгийн хараат бус аудитын компаниар сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийлгэх үүрэг даалгавар өглөө.




