Засгийн газрын агентлагийн газар, хэлтэс, албаны даргын тоог 54-өөр цөөлөв
Засгийн газрын ээлжит хуралдаанаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцох аргачлалд өөрчлөлт оруулж, биржийн үнээр тооцдог болохыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд мэдээллээ.
Өмнө нь АМНАТ-ийг бүтээгдхүүний бодит үнээс хэт давсан үнэлгээгээр тооцдог байсан нь тухайн үйлдвэрлэлд хүндрэл учруулж буй энэ үед аж ахуйн нэгжүүдэд ихээхэн дарамт болж байгаа юм. Тухайлбал: баяжуулсан коксжих нүүрсний АМНАТ тооцох нь бодит үнээс 22.6 хувиар, хагас коксжсон нь 54.3 хувиар өндөр байна.
Ашигт малтмал экспортлогч аж ахуйн нэгжүүд тухайн төрлийн экспортын бүтээгдхүүнийхээ ¼-ийг Уул уурхайн биржээр арилжаалах тохиолдолд нийт экспортод гаргасан тухайн төрлийн бүтээгдхүүний АМНАТ ногдуулж борлуулалтын үнэлгээг Уул уурхайн бүтээгдхүүний бирж (Монголын Хөрөнгийн бирж)-ийн арилжааны үнээр тооцох, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулна. Энэхүү заалт 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл дагаж мөрдөнө. Одоогоор уул уурхайн нийт бүтээгдхүүний 15 орчим хувь нь биржээр арилжаалагдаж байгааг салбарын сайд мэдээлэв.
Үүнээс гадна Засгийн газрын хуралдаанаар 35 агентлагийн 3353 орон тоог есөн хувь буюу 301-ээр бууруулахаар шийдвэрлэв. Ингэснээр цалин хөлсний зардлаас жилд 10 орчим тэрбум төгрөг хэмнэхэд боломжтой болж байгааг ЗГХЭГ-ын дарга мэдээлэв.
Төрийн албыг цомхон, бүтээмжтэй болгож зорилтын хүрээнд яамд, агентлаг, үндэсний хороо зэрэгтийн чиг үүргийн давхардсан орон тоог цөөлснөөр цалингийн зардлаас нийт 60 гаруй тэрбум төгрөг хэмнэх боломжтой гэж тооцоолж байна.
Монгол Улсын Засгийн газраас “Цомхон, чадварлаг, бүтээмжтэй” Төрийн албыг төлөвшүүлэх, Төрийн албаны шинэтгэлийн хөтөлбөрийн хүрээнд төрийн албаны бүтээмжийг нэмэгдүүлэх, хариуцлагыг дээшлүүлэх зорилтын хүрээнд Төрийн чиг үүргүүдийн зохистой харьцааг хангах чиг үүргийн давхардлыг арилгах, Төрийн байгууллагын тогтолцоог оновчтой болгох, төрийн захиргааны байгууллагын бүтцийг цэгцлэх, бүтээмжийг нэмэгдүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.