Аравдугаар сар гарсаар Уул уурхайн биржийн арилжаа нэлээн өндөр эрчимтэй эхэлж, 1.4 сая тонн нүүрс арилжаалагдаад байна. Биет хэмжээ өндөр байгаа хэдий ч энэ онд нүүрсний үнэ унаснаар арилжааны үнийн дүн өнгөрсөн оныхоос буурсан дүнтэй байгаа юм. Ингэснээр “Монголын Хөрөнгийн бирж” ХК-ийн Уул уурхайн биржийн арилжаанаас олох орлого буурах нөхцөл бүрдээд байна.
“Монголын Хөрөнгийн бирж”-ийн хувьцааны ханш энэ он гарсаар 21 хувиар буураад байгаа юм. Хэдий тийм боловч энэ оны тааруу үзүүлэлтийг эс тооцвол тус компанийн хувьцаа IPO хийснээсээ хойших хамгийн өндөр өсөлттэй хувьцаа хэвээр байгааг онцолж болохоор байна.

2025 оны нүүрсний нийт арилжаа 14 сая тонн хүрснээс дийлэнхийг “Эрдэнэс Тавантолгой” компанийн 8.4 сая тонн нүүрсний арилжаа бүрдүүлж байна. “Тавантолгой” болон “Энержи Ресурс” компани 3.5 болон 1.2 сая тонныг тус тус арилжаалснаар араас нь бичигдэж байгаа юм.
Долоодугаар сараас хойш баяжуулсан коксжих нүүрсний үнэ арилжааны үеэр дунджаар 7.5 хувиар өссөн эерэг үр дүнтэй байна.
Эх сурвалж: bloombergtv




