МОНГОЛ УЛСЫН ХИЛИЙН БООМТЫН ЗАХИРГАА, БНХАУ-ЫН ӨВӨР МОНГОЛЫН ӨӨРТӨӨ ЗАСАХ ОРНЫ БООМТЫН ЗАХИРГААНЫ АЛБА ХООРОНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ АЖЛЫН ХЭСГИЙН 2025 ОНЫ II, III УЛИРЛЫН ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.
Хамтын ажиллагааны ажлын хэсгийн II улирлын хурал 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ы Алшаа аймгийн нутагт байрлах Сэхээ боомтод, Хамтын ажиллагааны ажлын хэсгийн III улирлын хурал 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Монгол Улсын Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байрлах Гашуунсухайт боомтод тус тус зохион байгуулагдаж, нийт 3 багц, 18 асуудлын хүрээнд санал солилцож, нэгдсэн шийдвэрт хүрлээ.
Хуралдааны монголын талын төлөөлөгчдийг Хилийн боомтын захиргааны дарга бөгөөд Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Б.Батхишиг, хятадын талын төлөөлөгчдийг БНХАУ-ын ӨМӨЗО-ы Худалдааны танхимын дарга Луо Чин нар тэргүүлэн оролцлоо.
Тус хуралдаанаар боомтын дэд бүтэц, хил дамнасан тээвэр, худалдааны зохицуулалт, мэдээлэл технологийн шинэчлэл зэрэг олон чиглэлээр доорх асуудлаар хэлэлцэн тохиролцов:
Шивээхүрэн-Сэхээ боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг харилцан уялдуулах, тээврийн хөдөлгөөн, техникийн нөхцөлийг харилцан тохиролцож, холбогдох мэргэжлийн байгууллагуудын уялдаа холбоог хангах;
Химийн бодис, газрын тосны бүтээгдэхүүнийг импортлох хүрээнд хилийн Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги, Бичигт боомтоор үе шаттайгаар нэвтрүүлэхээр тохиролцож, Шивээхүрэн–Сэхээ боомтоор газрын тосны бүтээгдэхүүн нэвтрүүлэх ажлыг 2025 оны 12 дугаар сараас эхлүүлэх;
Монгол, Хятадын хилийн Гашуунсухайт–Ганцмод боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг сайжруулах, ачааллыг тэнцвэржүүлж, аюулгүй байдлыг хангах хүрээнд боомтын нэвтрүүлэх орц, гарцын эгнээний тоог нэмэгдүүлэх, зохион байгуулалтыг шинэчилж тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг жигд нэвтрүүлэх;
Хилийн Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги боомтуудад жолоочгүй тээврийн хэрэгсэл /AGV/-ийн тээвэрлэлтийн гарцын ажиллах цагийг 24 цагийн горимд шилжүүлэх чиглэлээр хамтран судлах;
Монгол, Хятадын хилийн Шивээхүрэн–Сэхээ боомтод 5G сүлжээний технологид суурилсан жолоочгүй тээвэрлэлтийн туршилтыг 2026 оны эхний улиралд эхлүүлэхээр төлөвлөж, хамтарсан ажлын хэсэг байгуулан тус ажлыг зохион байгуулахаар тохиролцов.
Хоёр талын хамтын ажиллагааны энэхүү хуралдааны эдгээр шийдвэрүүд нь боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлж, хил дамнасан тээврийн үр ашгийг дээшлүүлэх, худалдаа, логистикийн тогтвортой байдлыг хангах чухал алхам боллоо.








